Д.Бямбасүрэн: Бид социализмын жилүүдэд одоогийнхоос бага хөдөлмөрлөөгүй юм шүү

1    Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн       Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубын урилгаар “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр лекц уншсан юм. Тэрээр хөгжил, өсөлт нь өөр хоорондоо ялгаатай ойлголтууд гэдгийг онцлоод ертөнцийн жам ёсны хуулийг дагаж л хөгжлийн үүд нээгдэнэ гэв. Алдарт физикчид болон математикчдын хэдийнэ нээсэн онолыг орчин үеийн Монгол улстай холбон ярьснаар түүний лекц үнэхээр сонсууштай байв.

Ингээд түүний лекцийг бүрэн эхээр нь хүргэе.     

МАЛЧИН ХҮН ХОТНООСОО ӨНӨӨДӨР НЭГ ХОНЬ ЗАРЖ, МӨНГӨТЭЙ БОЛЖЭЭ. МАРГААШ ХОЁР ДАХЬ ХОНИО ЗАРЛАА, ОВОО МӨНГӨТЭЙ БОЛЧИХОЖ. БАЯЖИВ УУ, ХӨГЖИВ ҮҮ.                                                            

Миний ярих зүйлс улс төрийн өнгө аястай, та нарын хэвшил дадал болсон зүйлээс жаахан өөр байх болно. Хөгжил тухайн орны иргэн бүрт хамаатай. Хөгжих нь мэдлэг, мэргэшил шаардана. Бид хөгжлийн тухай яриад удлаа. 1995 онд анх хөгжлийн үзэл баримтлалаа гаргаснаас хойш төрийн үзэл баримтлалаа таван удаа өөрчилжээ. Гэхдээ эргэлзсэн хэвээр. Үүнийг аль нэг улстөрийн хүчин, эсвэл улстөрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай холбож, буруутгах амархан. Гол нь бид өөрсдөө хөгжих ирээдүйгээ зөв оноож, төсөөлөх нь чухал. Би саяхны жишээ хэлье. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, тухайн үед манай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, эрх мэдэл бүхий зарим хүн Монгол Улс хөгжлийн хаалгыг нээлээ. Одоо энэ чигээрээ дүүлсээр Азийн бар байтугай тэнгэрт нисэх юм шиг төсөөлцгөөсөн. Бүр “Монголын хөгжлийн дөрөв дэх үзэл баримтлал”-д жил бүхэн эдийн засаг 15 хувиар өссөөр цойлоод гараад явчихна гэх утгатай заалтууд оруулсан.